Thursday, October 29, 2015

ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ, ЭССЭ БИЧИЖ УРАЛДАВ

Хэдийгээр БНӨСУ-д цагийн байдал төдийлөн тогтворжоогүй байгаа хэдий ч хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний III ээлжийн Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна эх оронч үзлийг
төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бүх төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсаар байгаа билээ.
Тэгвэл өнгөрөгч өдрүүдэд батальоны ахлагчийн зөвлөлөөс зохион байгуулж явуулсан “Монгол бахархал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдаанд нийт 73 цэргийн алба хаагчийн бүтээл ирсэнээс ахмад С.Тэмүүлэнзаяа, ахлагч Р.Энх-Мандал, хурандаа Б.Эрдэнэбат нарын  “Эссэ” шалгарч “Тэргүүн”, “Дэд”, “Гутгаар” байрны эзэд болцгоолоо.

Боржигон- нүкүс овогт ахмад Сандагдоржийн Тэмүүлэнзаяа
 /Мотобуудлагын батальоны тусгай штаб/
Ногоон тал нь сэрүүн дуган аа ай нутаг
Ногтруу шувуу нь илбийн юм аа ай ураг
Номин эрдэнэ хадан цохиот миний уулс
Насан эцэс намайг тэврэх торгон элс
Эх орон, эх нутаг минь  та билээ...
МОНГОЛ БАХАРХАЛ
Монгол бахархал энэ үгсийг хэлэхэд яагаад ч юм цээжний гүнд омогшил бахдал төрж цус хөөрөх шиг. Үндэстэн бүхэнд өөрийн гэсэн өвөрмөц онцлог, ёс заншил, дахин давтагдашгүй бүхэн цогцлон байдаг буй за. Гэхдээ ертөнцийн өчүүхэн мөчлөгт цаг хугацааны үргэлжлэл болон орших хүмүүн заяат бидэнд хүй цөглөсөн нутаг, хөрст дэлхийдээ эргэн шингэх эх орон гэдэг эрхмийн дээд байдаг. Тийм ч учираас алаг дэлхийн аль ч хэсэгт явсан Монгол үндэстэн хэмээн цээж дэлдэн омог бардам би хэлэх дуртай. Тиймээ... Би Монгол. Төв Ази тивийн цээжнээ нутаглах анчин, малчин удамтай нүүдлийн соёл иргэншилт энэ ард түмэн чухам юугаараа дахин давтагдашгүй их соёлыг агуулж, хэрхэн тэд тэнгэрлэг омогшино вэ гэж та асуу...Тэгвэл би энэ тухай өгүүлэхийг хичээе. Гэвч 600 үгт багтаан энэ агуу үндэстэний тухай, тэр бүү хэл омогшил, бахархалых нь тухай өгүүлнэ гэдэг маш хүнд агаад биелэшгүй даалгавар мэт санагдана. Гэсэн ч би хичээе... Энэ гайхамшигт орны хязгааргүй олон бахдам бахархал бүхний хаанаас нь эхлэлтэй билээ.
НЭГД ӨГҮҮЛЭХ НЬ: Тус улсын говийн их дархан цаазат газар нь олон мянган тэр бум  жилийн тэртээ сав ерөнцийн амь, амьдралыг агуулсан их далай байсан гэх, түүний дараа  олон сая жил үргэжилсэн цаг уурын өөрчлөлт, галт уулын идэвхижил, хөрсний гулгалтаас үүдэн өтгөн шилүүст болон навчит ой, хөвд, ороонго, сахлаг ногоон өвс голлосон чийглэг уур амьсгалт эртний галавын диваажин буй болжээ. Түүгээр ч үл барам нисдэг, нисдэггүй, махчин болон өвсөн тэжээлт үй түмэн үлэг гүрвэл, гал эзэмшсэн хүн сүргийн хамт зэрэгцэн оршиж байсан гэх.
Өдгөө цагийн эрдэмтэд, нэрт архилогечидын олдвор, нээлтүүд ухамсарт хүн төрөлтөн Төв Азиас тэр дундаа Монголоос үүссэн хэмээн нотолсоор буй нь МИНИЙ МОНГОЛЫН НЭГЭН БАХАРХАЛ билээ.
ХОЁРД ӨГҮҮЛЭХ НЬ:  Бидний өвөг дээдсийн төрт ёсны эртний уламжлал, цэрэг дайны гайхамшигт мэдлэг, чадварыг өдгөө ч бахдан шагшсаар...дэлхийн есөн гайхамшигийн хоёрыг буюу  Хятадын Түмэн газрын цагаан хэрмийг тэд барихад хүргэж, Энэтхэгт сүндэрлэх хайр дурлалын билэгдэл, уран барилгын гайхамшиг болсон Таж Махалыг ч нүүдэлчин Монголчуудын үр сад бариулсан байдаг. Өдгөө 3 сая хүрэхтэй үгүйтэй иргэдтэй энэ улс 800 жилийн өмнө тухайн үеийн хэдэн зуун сая хүн амтай Хятад, Орос, Солонгос, Польш, Румын, Болгар,Герман,Франц, Казакстан, Афганистан, Иран, Ирак гэх мэт олон орныг эрхшээн эзлэж, нэгэн тугийн дор амаржуулан, худалдаа наймаа эрхлэн, морин өртөөгөөр холбоо харилцааг түгээн, шашин шүтэх эс шүтэх эрхийг чөлөөлж эрдэмтэн мэргэдийн оюун ухааныг уралдуулан өрнө, дорнын соёлыг харилцан дэлгэрүүлэн даруй 300 жил тогтносон их төрийг байгуулж дэлхий дахины түүхэнд үсрэлтийн он жилүүдийг авчирсан нь МИНИЙ МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ БАХАРХАЛ  билээ.
ГУРАВД ӨГҮҮЛЭХ НЬ: Алс умардаас улаан туг намирч улмаар дэлхий дахинд талын түймэр мэт тархаж эхэлсэн он жилүүдэд монголчууд бид 800.000 хүрэхүй үгүйтэй байжээ. Манж Чин улсын колони болж даруй 200 жил болсон гэх боловч мөхөс миний уншсан өчүүхэн хэдэн номноос дүгнэн тунгаавал эзэн Чингисийн үр садыг тэд төгс утгаар нь бүрэн колончилж үл чадсан мэт. Юутай ч Монголчуудыг адилхан нүүдэлчин удамын Манжийн хаад аль болох эвээр тогтоон барьж, хятад зөвлөхүүдийнхээ дотор ухаанаар хэсэгчилэн бутаргаж, олон аймаг хошуунд хуваан ноёд ихэст нь охин үрсээ өгч ураг барилдан аргацааж байсаны зэрэгцээ хаант улсынхаа цэрэг дайны чавдарлаг бэлтгэл хүчин болгохыг зорьж байсан мэт санагдана. Гэвч энэ сод санаа биелэлээ олж чадаагүйгээр үл барам удмын омголон зоримог монгол түмэн бослого тэмцлийг өрнүүлэн амгалан тайвныг эс олгож иржээ. Дорнын түүхийн хуудасанд зурсан шүдэнз мэт мандсан Манж Чин улс хожимоо үнэнч зөвлөхүүдийнхээ дотор ухаанд идэгдэн хятад хэмээх салхинд үндэсээрээ үлээгдэн унтарсан билээ. Орос оронд ажилчин тариачдын хадуур цусаар ирлэгдэж байсан 1917-1922 онуудад хэдийгээр суут ухаантан хүн мөнөөсөө мөн боловч агуу их В.И.Ленин “Хөрөнгөтний ангийг устга”, “Зорилго нь аргаа зөвтгөнө” хэмээн уриалан номлож байлаа. Хэт туйлширсан энэ их хувьсгал улмаар Монгол ороныг ч тойроогүй юм. Уг хувьсгалын нөлөөгөөр монголчууд капитализмыг алгасаж социализмыг байгуулан, улмаар коммунизмид хүрнэ хэмээн лоозогнож, олон мянган лам хуврага, эрдэмтэн мэргэд, цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн хөвгүүд охидоо  мөн л Орос зөвлөхүүдийн шахалтаар хэлсээр хөнөөсөн гашуун түүхийг өдгөө ч бид мартаагүй.
Тэгвэл тэр их хувьсгалжсан, хүний ертөнц хоёр системд хуваагдсан, улс гүрнүүдэд хүйтэн дайны оч гялалзаж улмаар зэвсэглэлээр хөөцөлдөх хэнээрхэлээр дүрэлзэж эхэлсэн хүнд он жилүүдэд хэдэн арван мянган хөвгүүд, охидоо алдан байж 1.5 сая хүрэхгүй Монголчууд хоёр их хөршдөө төдийгүй цаашлаад дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, 1.565.000 км.кв газар нутаг бүхий эх орноо баталгаажуулан НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улс болсон нь МИНИЙ МОНГОЛЫН ГУРАВ ДАХЬ БАХАРХАЛ  билээ.
Тайван замаар ардчилсан нийгмийг байгуулж, хүний эрх,  эрх чөлөөг тунхагласан шинэ үндсэн хуулиа баталж, ард түмэн шүтэх эс шүтэх эрхээ чөлөөтэй эдэлж, хэн боловч үзэл бодлоо ямар нэгэн хаалт, шахалт, дарамтгүйгээр илэрхийлэн төрийн эрхийг барилцан, авилга хээл хахуультай бүх нийтээр тэмцэн, улс эх орондоо санаа тавин хөгжүүлэхээс гадна дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж эргэх дэлхийн энхийн төлөө эв хүчээ хамтатган зүтгэх болсон  нь ЭНХИЙГ САХИУЛАГЧ БИДНИЙ ТӨДИЙГҮЙ НИЙТ МОНГОЛ ТУУРГАТНЫ ЭРХЭМИЙН ДЭЭД БАХАРХАЛ билээ.
Аргын тоололын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
БНӨСУ. Бентью хот.
Батальоны захирагч хурандаа Б.Эрдэнэбат
МИНИЙ БАХАРХАЛ
Хүн бүр өөрөөр сэтгэх нь дамжиггүй боловч миний бодлоор Монголын бахархал гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүй аль ч цаг хугацааны мөчлөгт Монгол цэрэг байсан, одоо ч  байгаа, цаашид ч байх болно гэж боддог.
Монгол цэрэг байсан гэж бодохын учир нь Монгол үндэстэнийг дэлхийд таниулж,  хүн төрлөхтөний түүхэнд арилшгүй мөрөө үлдээж чадсанаар нь, тусгаар тогтнолын үндсэн тулгуур багана болж ирсэнд нь, өнөө үед энхийн үйлсэд оруулж буй хувь нэмэрээр торохойлохыг хүснэ.
Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд өөрсдийн ул мөрөө үлдээж явсан хөдөлшгүй түүхтэйг Монгол хүн бүр мэдэж байгаа билээ. Тэд Монгол нутгаасаа Ойрхи Дорнод, Зүүн өмнөд ази, аралын Япон гээд алс холын олон улс орныг хүлэг мориний шандсаар туулж, Монгол хүний тэсвэр хатуужил, удирдлага зохион байгуулалт,  сахилга бат, хамтын үйлсээрээ нэгэн шинэ хуудсыг дэлхий дахины түүхэнд оруулсан билээ.
Биднийг Иракт үүрэг гүйцэтгэж байх үест бид бүхэн Чарли хотын эртний Бабилоныг үзэж явлаа, тэгэхэд нэгэн арслангын хөшөө толгойгүй байж билээ. Түүнийг ямар учиртайг сонирхон асуухад тайлбарлагч эмэгтэй танай өвөг дээдэс энд ирж арслагын толгойг цавчсан юм гэж билээ. Хэдийгээр арслагын хөшөөний толгойг цавчсан нь түүхийн бодит гэрч боловч өвөг дээдэс маань энэ хол газрыг хэрхэн туулж, цаг агаарын эрс тэс  өөр орчинд яаж дасан зохицож, гайхамшигтайгаар цэрэглэж чадаж байсныг бодоход өөрийн эрхгүй бахарах сэтгэл төрж билээ.
 Дэлхий ертөнц өдөр ирэх бүр хувьсан өөрчлөгдөж аливаа улс орон хөрш зэргэлдээ улсаасаа бүхийл талаараа шууд хамааралтай болж байгаа энэ үед бид мөнхийн хоёр хөрштэйгээ олон улсын хэм хэмжээнд зөв зохистой харьцахын зэрэгцээ төрийн бодлогын чиг шугамыг нарийн алсын хараатай тодорхойлох шаардлагатай мэт санагдана. Харамсалтай нь өнөө үед үүнийг ухаарч харах хүмүүс ялангуяа улс орныг удирдаж буй  бүрэлдэхүүнд ховордож, эцэг, эхээс заяасан эх орны минь газар шороо үнэгүйдэж байгаа байдал их үзэгдэх боллоо.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улс алсыг харсан бодлогоо зөв тодорхойлохгүй бол бидний өвөг дээдсийн амиа зориулж бүтээсэн их түүх өөр байдлаар эргэхийг үгүйсгэхгүй юм. Өнөө үед өвөг дээдсийн хийсэн бүтээсэнээр бахархах нэрийдлээр тэдний нэрийг аливаа ашиг сонирхол, бизнесэд ашиглах нь их болж байгаагийн нэг илрэл нь төрөл бүрийн архины шошгыг харахад л хэн бүхэнд илт мэдрэгдэнэ. Хэрвээ бидний бахархал өвөг дээдэс минь мөн л юм бол бид өөрсдөө түүхийг гуйвуулахгүй бодит үнэнээр өгүүлэх учиртай. Аливаа улсын түүх нь  улс төр, цэргийн урлагтай салшгүй холбоотой байдаг бөгөөд Монгол цэрэг дэлхийн түүхэнд өөрийн хувь нэмэрээ оруулсан бодит жишээ олон байгаагын нэг нь Иракт байх толгойгүй арслагын хөшөө билээ. Монгол Улс 13 дугаар зуунд мандан бадарч, 16-18 дугаар зуунд тухайн үеийн Манж улсын дарлалд 200 гаруй жил байхдаа ч  өөрийн үндэс угсаа, зан заншил, тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн цөөхөн улсын нэг билээ. Бидний өвөг дээдс Хятад болон Орос улсыг бүрдүүлэхэд ч өөрсдийн хувь нэмэрээ оруулж ирсэн агуу түүхтэй.
Аливаа хүчирхэг улс ноёрхолоо өөрийн бүс нутагт бүрдүүлж тэр хэмжээгээрээ өөрийн цэргийн хүчийг бусад улсуудад харуулахыг зоридог бичигдээгүй хууль байдаг бөгөөд өнөө үед Хятад болон Орос улс Төв болон Зүүн өмнөд Азид өөрийн цэргийн хүчийг харуулсаар байна. Гэсэн хэдий ч дангаараа ноёрхолоо тогтооно гэдэг амаргүйн дээр тухайн улс өөрөө асар их эрэсдэлтэй байдалд ордог ажээ. Учир нь тухайн хүчирхэг улсад зэргэлдээ улс орнууд хэзээ ч дуртай байдаггүйд оршино. Дэлхийн 1, 2 дугаар дайнд Герман улс Европт ноёрхолоо тогтоох гэж оролдоод эцэст нь хэдэн сая хүний амь авч одсон аймшигт дайн хэрхэн төгссөнийг та бид бүгд мэднэ. Монгол Улс 20 дугаар зуунд бие дааж цэргийн ажиллагаанд орж байгаагүй ч тухайн үеийн Зөвлөлт холбоот улстай хамтарч, 1939, 1945 оны дайнд оролцож байсан түүхтэй билээ. Миний өвөө 1939 оны дайнд пулемётын наводчикаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тархиндаа шарх авч, хожимоо нас өндөр болсон үедээ ач хүү нь болсон надаар толгойгоо бариулдаг байж билээ. Тэр хүний надад өгсөн  хүмүүжил, тэр хүний суран бүс, намайг өдий зэрэгтэй хүн болж явахад минь, их ач тусаа өгсөн юм. Харамсалтай нь миний өвөөгийн байгуулсан гавьяаг төр засаг бурханы оронд очсон хойно нь үнэлж “ Байлдааны гавьяаны одон” нөхөн олгосон юм. Тэр үед миний бие ахмад цолтой Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж байсан. Нэгэнт бурханы оронд очсон миний өвөө одонгоо зүүж өөрөөрөө бахархах сэтгэлийг мэдрээгүйн дээр, миний зүрхэнд ч асар их хожимдол, харуусалын гуниг хурж байж билээ.  Тэр үед төр засаг хүнийг амьдад нь баярлууж, амьдад нь ажил үйлс, алдар гавъяаг нь үнэлж байх хэрэгтэй юм даа гэж бодож байлаа. Монгол цэрэг тусгаар тогнолын тулгуур байсан гэдэг миний өвөөгийн дайнд оруулсан хувь нэмэрээр үнэлэгдэж чадсан гэдэгт миний бие бат итгэнэ.
Бид ардчилсан нийгэмд шилжээд даруй 23 жил өнгөрч, энэ цаг хугацаа миний залуу настай цуг хамт явах хувь тавилантай байж гэж би боддог. Намайг сургууль төгсөх үед Монгол цэргийн гадаад харилцаа Оросын холбооны улс болон хуучин социалист лагерийн улс орнуудтай хамтран ажиллах хэмжээний хүрээнд л байсан. Офицерууд сургууль явна гэж хүсвэл Орос улсыг л зоридог байлаа. Өнөөдөр Монгол цэргийн гадаад харилцаа ихээхэн өргөн дэлгэр болж Орос, Хятад, АНУ, Солонгос, Япон, Герман, Канад зэрэг дэлхийд цэргийн хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс оронд Монголын офицер, ахлагч нар бусад орны офицер, ахлагч нартай мөр зэрэгцэн сурч байна. Мөн Монгол Улс анх 2003 онд Иракын эрх чөлөө ажиллагаанд цэрэг илгээсэнээс хойш даруй 10 жилийг үджээ. Энэ хугцаанд бид бүхэн Сьерра Леон, Афганистан, Төв Африкын Чад, Хойд Суданы Дарфур, Өмнөд Суданы ажиллагаанд цэргийн штабын офицер,  ажиглагч, холбогч офицерууд, цэргийн багууд болон бие даасан мотобуудлагын батальон хүртэл хүчийг илгээгээд байна. Өнөө цагийн дэлхийн бүхийл халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч, гэрээт цэрэг, эмэгтэй цэргийн алба хаагчдаараа бахархах сэтгэл цэрэг хүний хувьд өөрийн эрхгүй төрдөг юм.
Учир нь эх нутгаасаа, аав, ээж, алаг үрсээсээ хол хүний нутагт цагийн байдлын янз бүрийн нөхцөлд тангараг өргөсөн цэрэг хүнийхээ хувьд заагдсан үүргийг мадаггүй гүйцэтгэж байгаа цэргээ хараад тэднээрээ бахархах нь зүйн хэрэг бизээ. Монгол Улсын энхийг сахиулагчид, III мотобуудлагын батальоны дайчид бид Өмнөд Судан улсад ирээд 2 сар гаруй болох хугацаанд их олон зүйлийг ойлгож мэдэж авлаа. Үүссэн цагийн байдлын төвөгтэй үед удирдлагын харилцан ажиллагаа, НҮБ-ын бусад албаттай хэрхэн хамтран ажиллах, батлагдаагүй цагийн байдлын мэдээлэлд бодит үнэлгээ өгөх, цэрэгт үүргийг зөв хүргэх гээд маш олон асуудал энд багтана. Мөн тусдаа, өөр газар оронд байрлаж байгаа цэргээ удирдана гэдэг амаргүй зүйл байдгийг мэдэрч байна.
 Энэ цаг үед хажууд минь байж, дайчин нөхөр минь болсон энхийг сахиулагч Монгол цэргүүдээрээ бахараж байна.  

Ахлагч Р.Энх-Мандал
МОНГОЛ БАХАРХАЛ
“Зүгээр л нэг зүлгэн дээр гэрээ бариад амьдрах сайхан” гэж намайг бага байхад хөгшчүүл ярьдагсан. Шилбүүр унаж, атгасан чулуугаа ангаахай болохыг хүлээж хүсэл мөрөөдөлдөө автан хөдсөн дээлтэй хүлгийн зоонд хийсгэж өсөөд энэхэн хорвоод хүн байхын жаргалыг мэдэрсэн минь үзэсгэлэнт сайхан Монгол нутагт төрсний минь хувь заяа юм болов уу. Бахархах юм миний эх оронд дэндүү олон, бүхэл бүтнээрээ бахархал юм байна. Салхи исгэрэх сэрүүн, цэлмэг тэнгэр, сэтгэл татам байгаль, ургамал, ан амьтан, ард түмэн, бичиг соёл, ёс заншил гээд тэр нь л энэ гадны оронтой адилхан гээд хэлчих юм даанч байхгүй юмдаа. Ийм сайхан Монголдоо төрсөн юм чинь миний ард түмний сэтгэл нь хүртэл уужимхан байх нь аргагүй юм.
Монгол гэсэн босоо бичгэнд уужуу тайван ухаантай жинхэнэ монгол эр хүний дүрс байдгийг анх бүрэн дунд сургуульд заалгаж байсан минь хүний нутагт эх орны төлөөлөл болон үүрэг гүйцэтгэж байхад нутагтаа намайгаа хүлээн суугаа сайхан аавыг минь санагдуулах юм. Нэр нь хүртэл утга төгөлдөр агуулсан миний Монголын  төрийн далбааг тив дэлхийн тавцанд нэрээ дурсган мандуулахад нар сар, эв нэгдэл, тусгаар тогтнолын хөдлөшгүй хөндөшгүй бат бэхийг бэлгэдэн нөгөөл босоо хийморийн илрэл болон харагддаг билээ.
Монгол хүн болж ханын нүд, унь бүр нь сайн сайхныг бэлгэдсэн эсгий гэрт төрчихөөд Монгол ухаанаар хүмүүжиж, бүхий л зан үйл нь ухаан болон хөгжсөөр ирсэн Монгол ахуйд өлгийдүүлж өсөх нь ёстой л нөгөө “Би хаана төрөө вэ?” гэх сэтгэл өөрийн эхргүй төрөх юмдаа. Миний монголын ус нь тунгалаг, урсгал нь ширүүн, тэнгэр нь цэлмэг, ургамал ногооны ургац нь арвин, уул толгод нь өндөр сүрлэг, ан амьтад нь эрэмгий шаламгай, мал нь эрүүл чийрэг, малчин зон олон нь уужуу тайван, ухаант, ажилсаг, ажил үйлс нь бүтэмжтэй, байгаль ээжээрээ эмчлэгдэн эрүүлжиж байдаг нь бичиг минь босоо цус минь Монгол байгаатай салшгүй холбоотой гэж бодож байна би. Намайг бага байхад манайд сүрлэг сайхан Сутай хайрханы тосон зураг байдаг байлаа. Одоо ч тэр зураг аавынд минь байдаг юм. Түүнийг хараад аав минь намайг “Уул толголд, усны урсгал, гүн шөнийн одод, нар, сар гээд сайхан бүхнийг сайн ажиглаж бай, энэ зураг сайхан зураг гэхдээ хэзээ ч онгон дагшин байгалийг бодитоор нь харах шиг үзэсгэлэнтэй байна гэж үгүй, алсын барааг сайн ширтэхэд нүдний хараа тогтож, ухаан тэлж, тархи амарч, ядаргаа тайлагддаг” гэж хэлж билээ. Уулсын оройг нь дүрслэн дэлхийд ганцхан босоо бичээс үүссэн байх гэж өөрийн эрхгүй бодогдох юм. ”Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гэж нээрээ л Оюу толгой, таван толгойгоос илүү хэрэгтэй амин судас билээ.  

0 comments:

Post a Comment